ХАБЭМ-н удирдлагын тогтолцооны зөвлөх үйлчилгээ

  • 10/16/2017

    1. Зөвлөх үйлчилгээний төрөл

    Бид зөвлөх үйлчилгээ гэж нэг үгээр нэрлэн хэвшсэн боловч олон улсад 2 өөр англи үгээр ангилан нэрлэдэг. Эхнийх нь “консалтинг” буюу харилцагч хамтрагчиддаа мэргэжлийн зөвлөгөө өгөх, удаах нь “консалтанси” буюу тодорхой нэг салбарт мэргэшсэн мэргэжлийн зөвлөгөө өгөх (Оксфордын Толь Бичиг, 2016). Өөрөөр хэлбэл, ХАБЭМ-н асуудлаар дагнан зөвлөгөө өгдөг бол “консалтанси” үйлчилгээ үзүүлдэг байхад Монголчууд нийтлэг Консалтинг гэдгээр нэрлэх нь бий.

    За тэгээд, зөвлөх үйлчилгээ дотроо ХАБЭМ-н удирдлагын тогтолцооны зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байгууллага бол менежментийн зөвлөгөө өгдөг байгууллага гэсэн ангилалд орох бөгөөд энэ нь:
                 “Зөвлөгөө авч буй байгууллагыг сайжруулахын тулд мэдлэг, арга зүй, хөрөнгийг             ашиглан тухайн байгууллагад үнэ цэнийг бий болгож буй байдал” 

    (О’Махони ба Мархам, 2013, х11; Курнов ба Рэюүвид, 2003, х64; Аппэлбаум ба Стийд, 2003, х70;Кубр, 2002; Ажмал, Нордстрөэм ба Хэло, 2008-д иш татсанаар Шайн, 1998 ба 1999; Түрнэр, 1982; Садлэр, 2002, х29-д иш татсанаар Менежментийн Зөвлөх Байгууллагуудын Ассоциаци).

    Өөрөөр хэлбэл, зөвлөгөө өгнө гэдэг нь тодорхой гэрээт ажлыг хийгээд дуусахдаа гол нь биш, тухайн зөвлөгөө авч буй байгууллага дараа нь урт хугацаанд ашиглаж хэрэглэж үлдэх удирдлагын тогтолцоо буюу үнэ цэнэтэй мэдлэг, арга зүй, оюуны хөрөнгийг үлдээх явдал юм. Менежментийн зөвлөх үйлчилгээг дотор нь бизнесийн модель, үйлчилгаа ба салбараар нь дараах байдлаар ангилдаг (О’Махони ба Мархам, 2013, х56; Роберт Халф Менежмент Ресорсес, 2016; Старт Ап Фрэк, 2014; Консалтанси, 2014; Датамонитор, 2008, Консалтингийн Нөөц, 2012):

    Зураг 1. Менежментийн зөвлөх үйлчилгээний төрлүүд

    ХАБЭМ-н удирдлагын тогтолцооны зөвлөх үйлчилгээ нь төрлийн хувьд харилцагчийн үйл ажиллагааны менежментийг сайжруулж буй явдал бөгөөд үндсэн үйл ажиллагаа хариуцсан нэгжид үйл ажиллагаагаа хэрхэн осол, гэмтэл бэртэлгүйгээр явуулах вэ гэдгийг системчлэн зааж өгдөг. Харин зөвлөгөө өгч буй байгууллага нь дан зөвлөгөө өгдөг үү, эсвэл баталгаажуулалтын аудит хийхийн хажуугаар зөвлөгөө өгдөг үү гэдгээс хамааран цэвэр зөвлөгөөний байгууллага уу, холимог зөвлөгөөний байгууллага уу гэдэг нь тодорхойлогдоно.

    О’Махони ба Мархам (2013, х48-49)-н хэлснээр, цэвэр зөвлөгөөний байгууллага нь холимог үйлчилгээтэй байгууллагыг бодвол зөвлөх үйлчилгээнээс өөр зарах бүтээгдэхүүнгүй тул илүү нарийн мэргэшсэн, зөвлөж буй ажлынхаа гүнд нэвтэрсэн байдаг тул харилцагчдын итгэлийг илүү хүлээдэг. Харин холимог үйлчилгээтэй байгууллага нь өөрсдийн явуулдаг үндсэн үйл ажиллагаан дээр нэмэлт байдлаар зөвлөгөө үзүүлдэг тул асуудал руу нарийн орох, харилцагчтай ойр ажиллах тал дээр дутагдалтай байдаг байна. Дэлхийн томоохон зөвлөх үйлчилгээний байгууллагууд ерөнхий зөвлөх үйлчилгээ үзүүлдэг бөгөөд нарийн мэргэшсэн зөвлөх шаардлагатай үед нарийн мэргэшсэн зөвлөгөө үзүүлдэг жижиг фирмүүдийг гэрээлэн авч ажиллуулдаг бөгөөд ингэснээр жижиг байгууллагууд борлуулалт хийх гэж дангаараа ажиллахын оронд нэр бүхий томоохон байгууллагын хүссэн ажлыг хийж өгснөөр ашигтай байдаг бол том байгууллага нь өөрийн дутагдалтай талыг нөхөж, нарийн мэргэшсэн сайн зөвлөхүүдийг доороо ажиллуулснаар нэр хүндтэй байдлаа бас хадгалдаг байна.

    2. Зөвлөх үйлчилгээний үр дүн

    Зөвлөх үйлчилгээ үр дүнгээ өгч байгаа эсэх талаар ярихад функционалист ба шүүмжлэлт 2 хандлага байдаг. Функционалист хандлагыг баримтлагчид, менежментийн зөвлөгөө бол харилцагчдад хараат бус зөвлөгөө өгснөөр үнэ цэнэ бий болгон өгдөг гэж үздэг. Нийтлэг жишилбэр нь зөвлөх бол эмч шиг ажилладаг, өөрөөр хэлбэл харилцагчийн хаана өвдөж байгаа, юу болохгүй байгааг эхэлж оношлоод, дараа нь хэрхэн эмчлэх аргыг зааж өгдөг. Харин шүүмжлэлт хандлагыг баримтлагчид, зөвлөхүүд харилцагчид бодит байдал дээр тусалж чаддаггүй хирнээ өөрсдийн ятган үнэмшүүлэх чадварыг ашигладаг гэж үздэг. Тэд энэхүү үзлээ тайлбарлахдаа томоохон зөвлөх үйлчилгээний байгууллагуудаас зөвлөгөө авсан үйлчлүүлэгчид нь амжилт олохгүй байгаа жишээнүүдийг иш татдаг боловч тийнхүү амжилтгүй менежмент хийхэд харилцагчийн талаас болон гадаад макро орчноос ямар хүчин зүйлс нөлөөлсөн байж болохыг огт дурддаггүй (Кларк ба Финчам, 2002; Киисэр, 1997; Лэггэ, 2002; О’Шиа ба Мэдиган, 1997, Бааиж, 2014, х9-т дурдсанаар Пинаулт, 2000).

    Тиймээс, зөвлөгөө үр дүнтэй болсон уу, үгүй юу гэдгийг тодорхойлохын тулд үр дүн гэж юуг хэлээд байгааг ойлгох хэрэгтэй. Килиндри (2012) ба Бэлл (2000)-н дурьдсанаар, зөвлөх үйлчилгээ нь төсөл хэлбэрээр хэрэгждэг учир үр дүнг нь төслийн амжилтаар хэмжинэ. Өөрөөр хэлбэл, төсөл үнийн дүндээ багтаж хэрэгжсэн эсэх, төлөвлөсөн цагтаа амжсан эсэх, анх танилцуулсан чанарын шаардлагаа хангасан эсэх, харилцагчдыг сэтгэл ханамжтай үлдээсэн эсэхээр төслийн амжилтыг хэмжинэ (Бэлл, 2000; Килиндри, 2012; Прабхакарс, 2008). Үүнийг бид богино хугацааны амжилт буюу зөвлөх үйлчилгээний дараахан хэмжиж болох богино хугацааны үр дүн гэж авч үзэж болно. Харин урт хугацааны үр дүн нь зөвлөгөө авсан байгууллагын ажлын гүйцэтгэл сайжирч байгаа түвшин, ажилтнууд болон удирдлагынх нь хандлага өөрчлөгдсөн байдал, ажилчдын зан үйл өөрчлөгдсөн байдлаар хэмжигдэнэ (Кохэн ба Баилэ, 1997; Шэнхар, Двир ба Лэви, 1997).

    Эдгээрийг нэгтгэн, зөвлөх үйлчилгээний төслийн амжилтыг дараах 4 дименсионд хувааж үздэг:

    Зураг 2. Төслийн амжилтын дименсионууд

    Төслийн үр дүн тэр даруй мэдэгдэж болох боловч, харилцагчид нөлөөлсөн нөлөө нь дунд хугацаанд буюу ядаж 1 жилийн дараа мэдэгддэг. Харин бизнесийн амжилт нь тухайн зөвлөх байгууллагад урт хугацаанд бий болох бөгөөд цаашид урт хугацаанд оршин тогтноё гэвэл ирээдүйдээ бэлтгэх хэрэгтэй.

    ХАБЭМ-н удирдлагын тогтолцооны зөвлөгөө өгч буй болон авч буй байгууллагууд 1-р түвшний буюу богино хугацааны үр дүнгээ хэмжээд, гэрээлсэн төслөө хаах явдал түгээмэл байдаг. Тэгвэл харилцагч байгууллага нь өөрт бий болсон үнэ цэнэ, сурч авсан зүйлс, нэвтрүүлсэн удирдлагын тогтолцоо тань үнэхээр хэрэгжиж үлдэв үү, цаашид хэрэглэж болох баримт бичиг боловсруулагдав уу, цаашид үргэлжүүлж болохуйц механизмууд бүрдэж чадав уу гэдгийг анзааран, гэрээндээ тусгаснаар өөрсдийнх нь жинхэнэ хүссэн үр дүнг бий болсон эсэх тал дээр зөвлөгөө өгч буй байгууллагад шаардлага тавьж болох юм. Гэвч, зөвлөх үйлчилгээний үр дүн сайн байх эсэх нь дан ганц зөвлөхөөс хамаарахгүй. Үүнд, зөвлөх ба харилцагч 2-уулаа нөлөөлдөг ба удирдлагын тогтолцоо нэвтрүүлж байгаа үед харилцагч байгууллага өөрөө томоохон нөлөөлөгч хүчин зүйл болдог.

    3. Зөвлөх үйлчилгээний үр дүнд нөлөөлдөг хүчин зүйлс

    Зөвлөх үйлчилгээний үр дүнд зөвлөх байгууллага ч, зөвлөгөө авч буй харилцагч байгууллага ч нөлөө үзүүлж байдгийг шалтгаан, үр дүнгийн моделиудаар илэрхийлэн, зөвлөхүүд үйлчилгээгээ үр дүнтэй болгохын тулд өөрийн зүгээс нөлөөлөх хүчин зүйлсээс гадна харилцагчаас нөлөөлөх хүчин зүйлсийг хэрхэн удирдах хэрэгтэйг томъёолдог. Нэг моделийг загвар болгон авч үзье.

    Зураг 3. Шууд ба шууд бус шалтгаанчлалын модель

    Зурагт үзүүлсэнчлэн, зөвлөгөө үр дүнтэй болох эсэх нь зөвлөх ба зөвлүүлэгч 2-с хоёулангаас нь хамаарна. Зөвлөх хэдий сайн зөвлөгөө өгсөн ч, зөвлөгөө авч буй байгууллага эсхүл түүний ажилтнууд зөвлөгөөг бүтнээр нь болон хэсэгчлэн үл хэрэгжүүлбэл сайн үр дүнтэй төслийг хүлээх шаардлагагүй юм. Тиймээс, зөвлөгөө авч буй байгууллага өөрөө тодорхой хэмжээнд сахилга баттай байж, тогтсон цагт зөвлөсөн зүйлсийг хийж байх, ХАБЭМ-н удирдлагын тогтолцоог үнэхээр хэрэгжүүлэхийн тулд бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэг амлалтаа хүлээдэг байх хэрэгтэй. Монгол компаниудын дийлэнх нь зөвлөх үйлчилгээний гэрээ хийсэн гэхээр л зөвлөхөөрр бүх зүйлээ бэлдүүлж, заалгаж, хийлгэх хүсэлтэй байдаг. Нөгөө талаас, эдгээр болон бусад шаардлагын талаар зөвлөх байгууллага нь харилцагчдаа анхааруулж, “аутсорсинг” бус “зөвлөгөө” авах хүсэлтэй байгууллагуудтай хамтран ажиллахдаа анхаарах хэрэгтэй.

    Ялангуяа, ажлаа хийж буй хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах нь ажил олгогчийн үүрэг болохоос зөвлөхийн үүрэг бус. Мөн ажил олгогч ажилтнуудаа илүү сайн хамгаалдаг болохын тулд зохистой менежментийн арга барилыг зөвлөхөөсөө сурч авах, цаашид сурсан зүйлсээ ашиглан тогтвортой сайжирч хөгждөг байх үүрэг амлалтыг өөртөө хүлээж байгаа бол зөвлөхөөр юм хийлгэж авахыг хүсэхээ болих хэрэгтэй. Зөвлөх та бүхэнд бичиг баримт боловсруулж өгөх, эсвэл хийх ажлыг тань нэг бүрчлэн хэлж зааж өгөх үүрэгтэй биш. Гагцхүү ХАБЭМ-н асуудлыг удирдахад шаардлагатай бүрдэл элементүүдийг хэрхэн байгууллагадаа бий болгох талаар танд зөвлөж, та хийх ёстой юм. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Процесс консалтанси буюу зөвлөх нь шаардлагатай процессуудыг загварчлан бий болгоход тусалж, түүнийг ажиллуулж авч явах үүргийг зөвлөгөө авагч өөрөө хүлээдэг төрлийнх юм. Зөвлөх үйлчилгээний моделиудын талаар дараагийн нийтлэлд оруулна.

    • Categories:

    Сэтгэгдэл(0)

    Leave a comment

    Required fields are marked *

Өмнөх

Дараах