Барилгын талбайн ХАБЭА-н нийтлэг аюулууд

  • 02/14/2018

    Барилгын салбарт гарч буй осол, түүн дотор нас барсан болон хүнд гэмтсэн осол, бусад салбаруудынхаас бараг 2 дахин өндөр байдаг ба жижиг ослыг тоолж баршгүй их (Alcumus, 2014). Барилгын талбайн орчин нөхцөл байнга өөрчлөгдөж байгаагаас үүдэн аюулгүй байдал, эрүүл мэндийн эрсдэлүүд байнга бий болж байдаг ч, барилгын талбайн аюулууд шинжлэх ухаанд сайтар судлагдсан, ихэнх аюулыг таньж, эрсдэлийг нь удирдах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэрэгжүүлэх боломжтой байдаг (Alcumus, 2014). Тухайлбал, олон улсад сайтар хэрэгждэг шаардлага бол удирдах ажилтан бүр аливаа аюулыг харсан, мэдсэн бол дуугүй өнгөрдөггүй, заавал аюулыг устгах буюу хянах арга хэмжээг авдаг/авахуулдаг, барилгын талбайд нэвтэрч буй зочид, ажилчид, гэрээт ажилтнууд, барилгын хөрш зэргэлдээ орчин, зэрэг эрсдэлд өртөмтгий бүсүүдийн өмнө хариуцлагаа хүлээдэг байдал юм (Alcumus, 2014).  Эрсдэлийн үнэлгээг удирдах ажилтнууд хийж, аюулыг илрүүлэн, хяналт тогтоох ёстой байдаг (Alcumus, 2014). Барилгын талбайд гардаг нийтлэг аюулуудын заримаас дурдвал:

    1. Өндөрт ажиллах.

    Барилгын давхар нэмэгдэхийн хирээр өндөрт ажиллах үеийн аюулгүй ажиллагаа чухалд тавигдана. Өндрөөс унаж нас барсан, гэмтсэн ослууд жил бүр олон тоогоор гардаг. Энэ аюулыг арилгахын тулд, аливаа бүст нэвтрэхийг хориглох буюу заавал зөвшөөрөл авч нэвтрэх, мөн тодорхой хэсгүүдэд хөдөлгөөн хориглох арга хэмжээг авч хэрэгжүүлэх хэрэгтэй байдаг. Өндөрт ажиллах гэж буй ажилтнуудад өндрийн аюулын талаарх, мөн аюулгүй ажиллах арга барилын талаарх сургалт зайлшгүй хэрэгтэй.

    1. Хөдөлгөөнт зүйлс.

    Барилгын ажил явагдах үеэр хийх ажлын цар хүрээ, ашиглагдах тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, түүхий эд материал, ажиллах хүний тоо улам ихэсдэгээс байнгын өөрчлөгддөг ажлын байрны онцлогоос шалтгаалсан эрсдлүүд бий болдог. Хөдөлж буй тоног төхөөрөмж, машин механизм, энд тэнд хөлхөх ажилтнууд зэрэг зэрэг ажилладаг тул тэр бүх хөдөлж буй эд юмс, хүн, материалын аюулыг хянах хэрэгтэй болно. Хүнд зүйлс өргөн толгой дээгүүр зөөх кран, цемент шохой зөөж ирэх том оврын ачааны машинууд, ихэвчлэн тэгш бус гадарга дээр маневр хийн гарах, орох машинууд – н аюулыг хянах, удирдах, зохион байгуулах хэрэгтэй.

    1. Халтирах, бүдрэх, унах.

    Барилгын дотор гадар талд, бүдрэх, халтирах, унах явдал бараг өдөр бүр гардаг. Газарт нүхтэй байх, давхар бүрт янз бүрийн барилгын ажил явагдах, дүүжин өргүүр ажиллах, хадгалсан түүхий эд материал, тоног төхөөрөмж байрласан газрууд гэхчлэн байнгын аюул үүсгэж байдаг тул юмсыг эмх цэгцтэй, заасан газарт байрлуулах, зориулалтын газар хадгалах, мөн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, материалыг байрлуулах газрыг зохион байгуулан зааж өгөх зэргээр зохицуулалт хийх хэрэгтэй.

    1. Дуу чимээ

    Барилгын талбайд дуу чимээ ихтэй байх нь хамгийн том аюулд тооцогддог. Их хэмжээний дуу чимээнд дахин давтан өртөж ажиллах нь урт хугацаандаа сонсгол муудах, сонсголгүй болох эрсдэлд хүргэдэг бол дунд хугацаандаа дасал болсон чимээнээс үүдэн ард нь аюул үүсч, юм унаж нурж байгааг сонс ч чадахгүй байх аюулд хүргэдэг. Чих бөглөдөг зөөлөн чихэвч нь тэр бүр сонсголыг хамгаалж чаддаггүй бөгөөд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэж, үр дүнд нь суурилан зохистой хамгаалах хэрэгслээр хангах хэрэгтэй.

    1. Гар бугалга чичрэх синдром

    Доргилттойгоор ажилладаг гар багаж эсхүл газрын хөрстэй ажилладаг тоног төхөөрөмжтэй байнга харьцаж ажилладаг ажилтнууд өвдөлт ихтэй, хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэдэг мэргэжлээс шалтгаалсан өвчлөл юм. Энэ нь цусны судас, мэдрэлийн систем, үе мөчинд нөлөөлдөг. Хамгаалалтгүй буюу бага хамгаалалтай ажиллаж байсан барилгын ажилчдад түгээмэл үүсдэг өвчин тул энэ эрсдэлийг үнэлгээндээ багтааж, сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай байдаг.

    1. Материалтай гараар ажиллах

    Түүхий эд материал, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг гараар болон өргөх зөөх хэрэгслээр үргэлж дээш доош зөөх ажил хийгддэг. Хийгдэх ажлууд нь өөр тул олон төрлийн эрсдлийг дагуулдаг бөгөөд ажилчид аливаа зүйлтэй гараар ажиллах тохиолдолд заавал энэ талын сургалт өгөх хэрэгтэй. Өргөх зөөх хэрэгсэл ашигладаг тохиолдолд, мөн л сургалт зохион байгуулах хэрэгтэй ба өргөх зөөх хэрэгслийг тестлэх, бүрэн бүтэн ажиллагаатай эсэхийг нягтлах зэрэг ажлыг зохистой төлөвлөж, процесст оруулах хэрэгтэй.

    1. Унах, онхолдох

    Энэ нь аюул биш, эрсдэлийн төрөлд орох бөгөөд осол гарахад хүргэдэг. Жил бүр эксковаторууд гуу жалга руу унаж, хөмөрч байгаа ба дотор нь ажиллаж байсан хүмүүс хүндээр гэмтдэг. Гэнэтийн уналт, мөргөлтөнд байшин барилга нураах ажил, эсвэл хагас барьсан барилгаас буюу дүүжин өргүүрээс унах зэрэг эрсдэл багтдаг ба нас барсан ослууд жил бүр гарч байгаа.

    1. Асбест

    Мужаан, цахилгаанчин, гагнуурчин зэрэг ажилчдад асбестын аюул хэзээ хойно түүхэнд л байсан мэт хол сонсогдож эхэлсэн байж магадгүй. Гэтэл, аюултай асбестаар баригдсан хэдэн арван барилга одоог хүртэл ашиглагдаж байгаа. Далд нуусан, мартсан, оролдоогүй тохиолдолд аюулгүй байдалд байсаар байгаа. Тиймээс, ажилчид асбест хаана ашиглагдаж байсан, аль барилгад байдаг талаар мэддэг байх хэрэгтэйгээс гадна, аливаа хуучин барилгыг нураах буюу засварлах ажил хийх үед асбест байж болзошгүй сэжигтэй материал гарч ирвэл ямар арга хэмжээ авах ёстой талаар сайн мэдээлэлтэй байх ёстой.

    1. Агаарт дэгдэмхий тоосонцор, материал – амьсгалын замын өвчлөл

    Барилгын талбай байнга хөл хөдөлгөөнтэй байдаг тул барилгын орчмын агаар нь ихэнхдээ нүдэнд харагдахгүй, нарийн ширхэгтэй, аюултай химийн бодис ба материалуудын тоосонцрын холимог ихтэй байдаг. Энэ нь уушгийг гэмтээж, астма, силикоз, уушигны архаг өрөвсөл зэрэг өвчлөлд хүргэдэг. Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл тараах нь хангалтгүй тул ажилчид байнга өмсч, хэрэглэж байгаа эсэхийг хянах шаардлагатай. Хувцсаа өмсөөгүй ажилтанд компаниас сахилгын арга хэмжээ, ХАБЭА-н нэгжээс тусгай хяналт шаардлагын арга хэмжээ авах хэрэгтэй.

    1. Цахилгаан

    Жилд дунджаар барилгын гурван ажилчин тогонд цохиулдаг ба энэ нь ихэвчлэн худалдааны болон орон сууцны байранд засвар үйлчилгээ хийх үеэр тохиолддог байна. Түүнчлэн цахилгааны өндөр хүчдэл, трансформатор, цахилгааны утастай ойр ажиллаж буй барилгачин бүр цахилгааны аюултай орчинд ажиллаж байдаг. Түүнчлэн цахилгаан үүсгүүртэй ажилладаг гагнуурчин, мужаан, засал чимэглэлчин зэрэг мэргэжлийн ажилчид цахилгааны аюулын талаар сайн мэддэггүй тул тогонд цохиулдаг байна. Тиймээс, цахилгааны аюулаас сэргийлэх талаарх сургалтыг ажилчдад сайн өгөх хэрэгтэй.

    • Categories:

    Сэтгэгдэл(0)

    Leave a comment

    Required fields are marked *

Өмнөх

Дараах