OHSAS 18001 & ISO 45001: ХАБЭА-н Бодлого

  • 10/16/2017

    OHSAS18001 стандартын гол шаардлагууды товч тайлбарлая гэж бодлоо. Эхний сэдвээр ХАБЭА-н бодлогыг сонгож авлаа. ХАБЭА-н гээд Монголд ойлгож хэвшсэнээр нь хэрэглэе, уг нь OHSAS18001 стандартад Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал буюу ХЭМАБ гэж нэрлэсэн байдаг.

    Стандартын 4.2-т зааснаар, байгууллагын ХАБЭА-н бодлогыг дээд удирдлага нь боловсруулан гаргаж, хэрэгжүүлэлтийг хангах, хадгалах, ажилтнууд болон бусад талуудад нээлттэй мэдээлэх ёстой байдаг. Харин Монголд ихэвчлэн ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтан нь Бодлогыг аль нэг стандарт юм уу, хуулийн шаардлагыг харж байгаад, нийтлэг загварын дагуу бичиж, түүнийгээ дээд удирдлагаараа батлуулах хандлага түгээмэл байдаг. Дээд удирдлага завгүй бөгөөд өөрийгөө орлуулан ХАБЭА-н ажлыг гүйцэтгүүлж байх гэж аль нэг хэлтэс, эсвэл албан тушаалтныг томилсон бөгөөд тэр нь ажлаа хийж байж болно. Гэхдээ, компанийн удирдлагууд ажилтныхаа боловсруулсан Бодлого нь ямар үүрэг амлалт хүлээлгээд, юунд зорьж ажиллана гэж тунхаглаад байна вэ гэдгийг хянаж, өөрийн санаагаа тусгаад, бүрэн хүлээн зөвшөөрсөн тохиолдолд батлах хэрэгтэй. Учир нь энэ стандартыг хэрэгжүүлэхийн тулд юун түрүүнд ХАБЭА-н бодлогоо боловсруулж баталсан бол түүнийг хэрэгжүүлэхийн тулд Зорилго, зорилт, хөтөлбөрөө боловсруулж, хэрэгжүүлэх ажил эхэлдэг. Өөрөөр хэлбэл, Бодлого гээд алсад тавьсан зорилгодоо хүрэхийн тулд компани тодорхой санхүүгийн, хүний, дэд бүтцийн, тусгай мэдлэг ур чадварын, тоног төхөөрөмжийн гэхчлэн олон төрлийн нөөцийг гаргах ёстой болно.

    (Эх сурвалж: OHSAS18001 стандарт, OHSAS Project Group, 2007)

    ISO45001 стандартын 3.15-нд ХАБЭА-н Бодлого гэдгийг “Дээд удирдлагаас албан ёсоор илэрхийлсэн байгууллагын ирээдүйд хүрэхийг эрмэлзэж буй үр дүн, чиглэл” гэж тодорхойлсон байгаа. OHSAS 18001-н 3.16-д “Дээд удирдлагаас албан ёсоор илэрхийлсэн байгууллагын ХАБЭА-н гүйцэтгэлтэй холбоотой ерөнхий чиглэл ба хүрэхийг эрмэлзэж буй үр дүн” гэж тодорхойлоод, бодлого нь өөрөө ХАБЭА-н зорилго зорилтыг тодорхойлох хамрах хүрээ болж гэж заажээ.

    Харин ISO 9000 Нэр томъёо стандартын 3.2.2-т “Менежментийн систем(Удирдлагын тогтолцоо гэж орчуулдаг) бол бодлого ба зорилтуудыг бий болгох, хэрэгжүүлэх явдал юм” гэж тодорхойлсон байдаг. Өөрөөр хэлбэл, удирдлагын тогтолцооны стандарт нэвтрүүлснээр байгууллага Бодлого ба зорилго зорилтоо тодорхойлох, түүндээ хүрэхийн тулд системтэйгээр ажлаа төлөвлөж, хэрэгжүүлж, хэрэгжилтээ байнгын хянаж, ямар нэг алдаа дутагдал байвал байнга засч залруулан, сайжруулж байхыг хэлдэг байна.

    Харин “Менежмент гэдэг бол байгууллагыг чиглүүлэн, хянах зохион байгуулалттай үйл ажиллагаа” (ISO9000, 3.2.6) юм. Өөрөөр хэлбэл, ХАБЭА-г удирдах, ХАБЭА-гийн менежмент хийх гэдэг нь байгууллагын ХАБЭА-н бодлого, төлөвлөгөө, хэрэгжүүлэлт, сайжруулалтыг зохион байгуулалттайгаар чиглүүлэн, хянаж, зорьсон зорилгод хүрэхэд зангидах ажиллагаа байх нь.

    Тиймээс, ХАБЭА-гийн менежментийн бүхий л стандартууд юун түрүүн компани “ХАБЭА-н бодлого”-той байх ёстой, түүнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бүхий л зохион байгуулалтыг хийх ёстой, бодлогыг биелүүлэхэд чиглэсэн ажлуудыг төлөвлөж хэрэгжүүлэх ёстой гэж шаарддаг. Тухайлбал, доорх зурагт ILO-OSH 2001 Удирдамжид заасан ХАБЭА-н удирдлагын тогтолцооны элементүүдийг үзүүллээ.

    (Эх сурвалж: PECB, 2016)

    Харин доорх зурагт, OHSAS18001-р шаардсан ХАБЭА-н удирдлагын тогтолцооны элементүүдийг үзүүлэв.

    (Эх сурвалж: PECB, 2016)

    OHSAS 18001 стандартад Бодлогыг дээд удирдлага боловсруулах ёстой гэж заасан боловч стандартын ерөнхий зүйл заалт дотор /4.2-р бүлэгт/ шаардсан байсан. Харин ISO45001 стандартад 5.2-р бүлэг буюу Дээд удирдлагын манлайлал, үүрэг амлалтын хэсэгт тусгайлан оруулж өгсөн нь компаниудын захирал, дээд удирдлагууд өөрсдөө бодлогоо боловсруулдаг байх, эсвэл ажилтнаараа боловсруулуулсан бодлогын драфтад санал өгч, өөрийн саналаа тусгаж, компани нь ХАБЭА-н хувьд ирээдүйд юунд хүрэхийг зорих вэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй гэсэн шаардлага юм.

    Аль аль стандартаар, бодлого дараах зүйлсийг агуулж байх ёстой гэж шаардсан:
    – Байгууллагын онцлог, эрсдлийн төрөл ба түвшин, цар хүрээнд тохиромжтой байх,
    – Бэртэл гэмтэл, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх болон ХАБЭА-н менежмент ба гүйцэтгэлийг байнга сайжруулах үүрэг амлалт бүхий,
    – ХАБЭА-н зорилтуудыг тодорхойлох хамрах хүрээг бий болгосон,
    – Хамгийн багадаа хуулийн шаардлагад нийцүүлж ажиллах үүрэг амлалт хүлээсэн байх.

    ISO45001-д шинээр нэмэгдэж байгаа шаардлага нь:
    – ХАБЭА-н эрсдлийг удирдахдаа эрсдлийг хянах шатлалыг эрхэмлэх,
    – Ажилтнууд болон тэдний төлөөллийг ХАБЭА-н менежментийн системд шийдвэр гаргах үйл явцад оролцуулж байх үүрэг амлалтыг тусгасан байх,
    – Аюулгүй, эрүүл ажиллаж болох ажлын нөхцлийг хангаж өгөх үүрэг амлалтыг агуулсан байх.

    Агуулгын хувьд дээрх шаардлагыг хангасан бодлого нь өөрөө батлагдсан, ажилтнууддаа мэдээлсэн, сонирхогч талууд олж авч болохуйц байх ёстой ба тогтмол давтамжтайгаар бодлогодоо дүн шинжилгээ хийж, шаардлагатай бол шинэчилж байх хэрэгтэй.

    Монгол компаниудын хувьд ХАБЭА-н бодлогоо боловсруулах гэхээр яг ямар загвартай байх, ямар шаардлагууд тусгах вэ, хэнээс хаанаас зөвлөгөө мэдээлэл авах вэ гэдэг тал дээр дутагдалтай. Төрийн байгууллагуудаас яг аж ахуйн нэгж байгууллагуудад зориулан үнэ төлбөргүй зөвлөгөө өгч, мэдээлэл арга зүйгээр хангах ажил одоогоор хийгдэхгүй байна. Харин Их Британид бол ХАБЭА-н Удирдах Газар нь өөрийн вэб сайтад ажил олгогчдод зориулаад “Бодлого гэж юу юм бэ, та үүнийг хэрхэн боловсруулах вэ, яаж хэрэгжүүлэх вэ” гэхчлэн бүхий л зааврыг хангаж өгсөн байдаг. Тухайлбал, тус төрийн байгууллагын дараах вэб сайтаар орж мэдээлэл ба бодлого боловсруулах загварыг татаж авч болно:

    (Эх сурвалж: HSE, 2016)
    Мөн хуулийн зөвлөгөө өгдөг байгууллагууд Их Британийн хуулиар шаардсан ХАБЭА-н бодлогыг хэрхэн боловсруулахад ажил олгогчдыг чиглүүлэх онлайн хэрэгсэлтэй бөгөөд та өөрийн байгууллагын болон өөрийн мэдээллийг оруулахад, танд шаардлагатай загвар Бодлого боловсруулагдан гарч ирнэ:

     

    (Эх сурвалж: Rocket Lawyer, 2016)

    Дүгнэхэд, ХАБЭА-н бодлого бол хуулиар болон олон улсын стандартаар шаардсан албан ёсны баримт бичиг бөгөөд энэ нь ХАБЭА-н удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх эхний гол алхам байдаг. Учир нь Бодлогыг тодорхойлох нь компанийнхаа ХАБЭА-н удирдлага ба гүйцэтгэлийн эцсийн зорилго, ирээдүйд бий болгохоор зорьж байгаа үр дүнгээ олж харах, түүнийгээ цаасан дээр буулгаж, баримтжуулахад тусалдаг байна. Ингээд хийсвэр санаа төдий байсан бодлыг цаасан дээр буулгаж, албан ёсоор дээд удирдлагын үүрэг амлалт болгон баталснаар, бодлогоо хэрэгжүүлэхэд шаардлагатай зорилго, зорилтоо бий болгон тодорхойлж, тэдгээрийгээ хэрэгжүүлэх ажлыг төлөвлөдөг. Бодлогод дээд удирдлагын зүгээс ажилтнуудыг ХАБЭА-н менежментийн шийдвэр гаргалтанд оролцуулж байх, эрүүл аюулгүй ажлын орчин нөхцлийг бүрдүүлэх, хуулийн шаардлага хангах, ХАБЭА-н гүйцэтгэлийн түвшингээ байнга сайжруулж байх зэрэг үүрэг амлалтыг Захирал өөрөө хүлээн, баримтжуулдаг байна. Иймд, компанийн дээд удирдлага Бодлогыг хэрэгжүүлэх аливаа үйл ажиллагаанд санхүү, хүний, дэд бүтцийн, тусгай мэдлэг ур чадварын гэх зэрэг бүхий л нөөцийг гаргаж өгөх, сайн ажиллах нөхцөл ба нөөцөөр хангаж өгөх үүргийг өөртөө хүлээж байгаа юм.

    Иш таталт:

    1. PECB (2016) OHSAS 18001 стандартыг хэрэгжүүлэгчийн гарын авлага. Монтреал: PECB.

    2. OHSAS Project Group (2007) Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо – Шаардлага. Их Британи: BSI Group.

    3. ISO (2014) Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо – Шаардлагууд ба ашиглах заавар. Женев: ISO.

    4. Health and Safety Executive (2016) Write a Health and Safety Policy for your Business. Available at: http://www.hse.gov.uk/simple-health-safety/write.htm.

    5. Rocket Lawyer (2016) Create your free Health and Safety Policy. Available at: https://www.rocketlawyer.co.uk/documents-and-forms/workplace-health-and-safety-policy.rlm?gclid=CObAj7H21swCFRVmGwodU4ICzg

    • Categories:

    Сэтгэгдэл(0)

    Leave a comment

    Required fields are marked *

Өмнөх

Дараах